14.13 дугаар зүйл. Яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлэг
1.Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно.
2.Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
3.Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах ба хүсэлт гаргасан тохиолдолд яллагдагчийг оролцуулна.
4.Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй бол томилогдсон өмгөөлөгч оролцуулж болно.
5.Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийн үндэслэлд хамаарах баримт, мэдээллийг шүүх хэргийн оролцогчид танилцуулж, тэдгээрт тайлбар хийх, холбогдох баримт, мэдээллийг гаргаж өгөх боломжоор хангана. Талуудад танилцуулагдаагүй баримт, мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.Шүүхийн хэлэлцүүлгийн явцыг энэ хуулийн 11.7, 11.8 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэлд тусгаж, танилцуулна.
7.Яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох шийдвэрийг даруй биелүүлнэ.
8.Шүүхийн шийдвэрт дараахь зүйлийг тусгана:
8.1.таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагчийн хувийн мэдээлэл;
8.2.санал, хүсэлт гаргасан хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал;
8.3.санал, хүсэлтэд дурдсан үндэслэл;
8.4.шүүх санал, хүсэлтийг хүлээн авсан, эсхүл хүлээн авахаас татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримт;
8.5.шүүгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, гарын үсэг;
8.6.он, сар, өдөр.
9.Шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах тухай шийдвэрт гомдол гаргах эрхтэйг яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, прокурорт танилцуулна.
10.Шүүх яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан тохиолдолд:
10.1.яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргаснаас хойш 2 цагийн дотор яллагдагчийг цагдан хорьсон талаар түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгч, гадаад улсын иргэн бол тухайн улсын Дипломат төлөөлөгчийн газарт, тухайн улсын Дипломат төлөөлөгчийн газар байхгүй бол гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэнэ;
10.2.шүүхийн шийдвэрт тухайн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт байрлах цагдан хорих байранд яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорихоор заана.
11.Шүүх дараахь тохиолдолд прокурорын саналыг үндэслэн яллагдагч, шүүгдэгчийн цагдан хоригдох байрыг өөрчилж, өөр цагдан хорих байранд шилжүүлэхээр шийдвэрлэж болно:
11.1.авлигын гэмт хэрэг, зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэргийг шалгах;
11.2.Эрүүгийн хуулийн 10.1/Хүнийг алах/, 19.4/Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/, 19.7/Хорлон сүйтгэх ажиллагаанд бэлтгэх/, 20.7/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, 29.9/Террор үйлдэхэд бэлтгэх/ дүгээр зүйлд заасан гэмт хэргийг шалгах;
11.3.яллагдагчийн амь нас, эрүүл мэндэд аюул учрах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа бол;
11.4.яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг өөр нутаг дэвсгэрт явуулах бол.
12.Шилжүүлж цагдан хорих шүүхийн шийдвэр гарсныг энэ зүйлийн 10.1-д заасны дагуу мэдэгдэнэ.
13.Таслан сэргийлэх арга хэмжээний талаар талуудаас шүүхэд гаргасан санал, хүсэлт, тэдгээртэй холбоотой нотлох баримтыг эрүүгийн хэрэгт хавсаргана. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5 дахь заалтад заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацаа сунгах санал, хүсэлт болон хугацаа сунгасан шүүхийн шийдвэрийг даруй мөрдөгч, прокурорт мэдэгдэж, эрх бүхий байгууллагад хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./