2.3 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяалал
1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг энэ хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу явуулна.
2.Энэ хуульд заасны дагуу тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газар нь прокурорын шийдвэрээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг хамтран явуулж болно.
3.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хэд хэдэн байгууллагын эрх хэмжээнд харьяалагдах гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтооно.
4.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг шуурхай, бүрэн гүйцэд явуулахын тулд гэмт хэрэг илэрсэн болон оролцогч, гэрч, хохирогчийн олонхи байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжид хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтоож болно.
5.Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа хэрэг нь харьяаллын бус болох нь мэдэгдвэл харьяаллын дагуу шилжүүлэх саналаа прокурорт даруй хүргүүлнэ.
6.Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоолгох саналыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор энэ зүйлд заасан журмыг баримтлан шийдвэрлэнэ.
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ, ОРОЛЦОГЧ
ШҮҮХ