3.3 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн
1.Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг ээдрээ төвөгтэй гэж шүүгч үзвэл энэ тухай саналаа Ерөнхий шүүгчид гаргаж, тухайн хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэж болно.
3.Эрүүгийн хэргийг давж заалдах журмаар гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэнэ.
4.Эрүүгийн хэргийг хяналтын журмаар таван шүүгчийн бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэнэ.
5.Энэ зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаас бусад энэ хуулиар харьяалуулсан асуудлыг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ.
6.Энэ зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно.
7.Сум буюу сум дундын, дүүргийн шүүх, түүнчлэн аймаг, нийслэлийн шүүх тодорхой эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон бол сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн бүрэлдэхүүнд орох шүүгчийг харьяалах аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, аймаг, нийслэлийн шүүхийн бүрэлдэхүүнд орох шүүгчийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын Тэргүүний шийдвэрээр шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмыг баримтлан томилно.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./