31.12 дугаар зүйл. Баривчлагдсан сэжигтнийг суллах
1.Хойшлуулшгүйгээр баривчлагдсан сэжигтнийг дараахь тохиолдолд шүүгч суллах шийдвэр гаргана: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1.1.гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт байхгүй;
1.2.энэ хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж баривчилсан.
2.Баривчилснаас хойш 48 цаг дуусч, сэжиглэгдэж байгаа хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын шийдвэр, цагдан хорих шүүхийн шийдвэр ирээгүй бол баривчлах байрны дарга мөрдөгч, прокурор, шүүгчид мэдэгдэж, түүнийг суллана.
3.Сэжигтнийг суллахдаа түүнийг ямар үндэслэлээр, хэзээ, хаана, хэний шийдвэрээр баривчилсан, хэзээ, хэний шийдвэрээр сулласан тухай магадлагаа олгоно.
4.Сэжигтнийг суллахдаа түүнээс хураан авсан эд зүйлээс хуулиар биедээ авч явахыг хориглосноос бусдыг нь буцаан олгоно.
5.Баривчлагдсан өсвөр насны сэжигтнийг суллахдаа түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчийн аль нэгэнд хүлээлгэн өгнө.
6.Мөрдөгч сэжигтнийг сулласан тухай тэмдэглэл, баривчлах ажиллагаатай холбоотой материалыг 24 цагийн дотор прокурорт хүргүүлнэ.
7.Мөрдөгч, прокурор, шүүх хууль бусаар баривчлагдсан болох нь тогтоогдсон сэжигтнийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу суллахдаа түүнд энэ хуульд заасны дагуу хууль бусаар баривчилснаас болж учирсан хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлана.
8.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр суллагдсан сэжигтэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ямар ч үүрэг хүлээхгүй.