31.13 дугаар зүйл. Мөрдөн байцаалтын хугацаа
1.Гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хугацаа өнгөрсөн бол мөрдөн байцаалтын хугацааг сунгаж болохгүй. Энэ хуулийн 31.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн, эсхүл хэргийг прокурорт шилжүүлсэн бол мөрдөн байцаалтын хугацааг зогсооно. Түдгэлзүүлсэн хэргийг сэргээсэн, эсхүл хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокуророос мөрдөгчид хэргийг буцааснаас эхлэн мөрдөн байцаалтын хугацааг үргэлжлүүлэн тоолно.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Энэ хуульд заасан журмын дагуу хэргийг түдгэлзүүлсэн хугацаа нь мөрдөн байцаалтын хугацаанд тооцогдохгүй.
3.Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн мөрдөн байцаалтыг 14 хоног, хүнд гэмт хэргийн мөрдөн байцаалтыг 1 сарын дотор явуулж дуусган хавтаст хэргийн материалыг оролцогчид танилцуулна.
4.Тухайн хэргийн ээдрээ төвөгтэй байдал, эсхүл ажиллагаа ихтэй, олон яллагдагчтай, эсхүл олон үйлдэлтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шаардлагатай тохиолдолд мөрдөн байцаалт явуулах хугацааг дараахь байдлаар сунгаж болно:
4.1.сум буюу сум дундын прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт сум буюу сум дундын ерөнхий прокурор 5 сар хүртэл, аймгийн ерөнхий прокурор 7 сар хүртэл;
4.2.аймгийн прокурорын, дагнасан прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт аймгийн, дагнасан прокурорын газрын ерөнхий прокурор 16 сар хүртэл;
4.3.дүүргийн прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт дүүргийн ерөнхий прокурор 5 сар хүртэл, нийслэлийн ерөнхий прокурор 7 сар хүртэл;
4.4.нийслэлийн прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт нийслэлийн ерөнхий прокурор 16 сар хүртэл.
5.Мөрдөн байцаалтын хугацааг цаашид сунгах асуудлыг Улсын ерөнхий прокурор шийдвэрлэнэ.
6.Яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч мөрдөн байцаалтын хугацааг сунгасан хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй тухай гомдлыг дээд шатны прокурорт гаргана.