31.14 дугаар зүйл. Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх, сэргээх

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

31.14 дугаар зүйл. Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх, сэргээх

1.Прокурор нь мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл дараахь тохиолдолд мөрдөн байцаалтыг түдгэлзүүлнэ:

1.1.сэтгэцийн, эсхүл хүнд өвчнөөр өвчилсний улмаас хүрэлцэн ирж чадахгүй болох нь шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон бол;

1.2.яллагдагч оргон зайлсан бол;

1.3.яллагдагчийн гадаад улсын болон олон улсын байгууллагын дипломат дархан эрхийг хязгаарлаагүй, эсхүл яллагдагчийн хуульд заасан халдашгүй байдлыг түдгэлзүүлээгүй бол.

1.4.гадаад улсад эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүсэлт хүргүүлсэн бол. /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэхийн өмнө мөрдөгч нь яллагдагчийг байхгүйд гүйцэтгэж болох бүх ажиллагааг явуулах, гэмт хэрэг үйлдсэн болон оргон зайлсан этгээдийг олж илрүүлэх бүх арга хэмжээг авах үүрэгтэй.

3.Хоёр болон хэд хэдэн яллагдагчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх үндэслэл нь бүх яллагдагчид хамаарахгүй байвал зарим яллагдагчид хамаарах хэргийг тусгаарлан түдгэлзүүлж болно.

4.Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай тогтоолд дараахь зүйлийг тусгана:

4.1.прокурорын нэр, албан тушаал;

4.2.түдгэлзүүлсэн он, сар, өдөр;

4.3.хэргийн дугаар, хэргийн утга;

4.4.яллагдагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

4.5.мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх үндэслэл;

4.6.таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэх.

5.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл арилсан, эсхүл нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөн байцаалтыг сэргээх тухай прокурор тогтоол гаргана.

6.Мөрдөн байцаалтыг сэргээх тухай тогтоолд дараахь зүйлийг тусгана:

6.1.мөрдөн байцаалтыг сэргээсэн прокурорын нэр, албан тушаал;

6.2.мөрдөн байцаалтыг сэргээсэн үндэслэл;

6.3.мөрдөн байцаалт явуулах хугацаа.

МӨРДӨН БАЙЦААЛТЫГ ДУУСГАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.