32.1 дугаар зүйл. Хавтаст хэргийн материал танилцуулах

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

32.1 дугаар зүйл. Хавтаст хэргийн материал танилцуулах

1.Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ.

2.Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг эх хувиар нь танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогчид хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хавтаст хэргийн материал танилцуулах хугацаа 7 хүртэл хоногт, бусад хэргийн материалтай ажлын 3-аас доошгүй өдрийн хугацаанд танилцах боломж, нөхцөлөөр хангана. Хавтаст хэргийн материал танилцуулах үндсэн хугацаа 14 хүртэл хоног байх бөгөөд хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан тус хугацааг мөрдөгч 14 хүртэл хоногоор сунгаж болно. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Хавтаст хэрэгт тусгагдсан эд мөрийн баримт, мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгтэй танилцах тухай оролцогчийн хүсэлтийг мөрдөгч хангах арга хэмжээ авна.

5.Оролцогч хүсэлт гаргавал хавтаст хэргийн материалаас шүүхээр хэлэлцүүлэх төрийн нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах боломжоор хангана. Талууд хуулбарлан авсан нотлох баримтыг шүүхэд шинжлэн судлахаас өөр зорилгоор ашигласан бол хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

6.Оролцогч хавтаст хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэлд дараахь зүйлийг тусгана:

6.1.мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол;

6.2.хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт;

6.3.шүүх хуралдаанд дуудаж оролцуулах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын жагсаалт.

7.Хэргийн материалтай танилцах үед энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана.

8.Хавтаст хэргийн материалтай танилцаад тэмдэглэлд тусгасан оролцогчийн хүсэлт, гомдлыг мөрдөгч хэрэгсэхгүй болгосон бол оролцогч прокурорт гомдол гаргаж болно.

9.Нэмэлт мөрдөн байцаалт явуулсан бол нэмж хийсэн ажиллагааны материалыг энэ зүйлд заасан журмын дагуу оролцогчид танилцуулна. /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.Энэ хуульд заасны дагуу оролцогчид танилцуулаагүй, хавтаст хэрэгт хавсаргаагүй нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй. /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.Энэ зүйлд заасныг зөрчиж, хавтаст хэргийн материалтай танилцах хугацаа, боломж, нөхцөлөөр хангаагүй мөрдөгчийн үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргаж болно.

12.Энэ хуулийн 16.8 дугаар зүйлд заасан баримт бичиг, төрийн нууцад хамаарагдах баримт бичигт энэ зүйлийн 4 дэх хэсэг хамаарахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.