31.2 дугаар зүйл. Сэжигтнийг дуудан ирүүлэх ажиллагаа /Энэ зүйлийн гарчигт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1.Энэ хуульд заасны дагуу баривчлагдсан, эсхүл гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл тогтоогдсон, эсхүл гэрчийн мэдүүлэг авах үед гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн, эсхүл яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар мэдэгдэх хуудсаар дуудагдсан хүнийг сэжигтэн гэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2.Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэний дараа сэжигтнийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, уг тогтоолыг танилцуулахыг мөрдөгчид даалгана.
3.Тогтоол танилцуулахаар сэжигтнийг дуудан ирүүлэхдээ энэ хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.
4.Хүндэтгэн үзэх шалтгаанаар ирэх боломжгүй тухайгаа мэдэгдэх хуудас хүлээн авсан сэжигтэн мөрдөгчид даруй мэдэгдэж, энэ тухай баримтаа ирүүлсэн бол яллагдагчаар татах тогтоол танилцуулах хугацааг прокурор 24 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж болно.
5.Мэдэгдэх хуудсыг гардуулан өгөхдөө хүлээн авсан огноо, цаг, минутыг тэмдэглэн хүлээн авсан хүнээр гарын үсэг зуруулна.
6.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудсан сэжигтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан нь түүнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах үндэслэл болно.
7.Шөнийн цагт тогтоол танилцуулахаар сэжигтнийг дуудан ирүүлэхийг хориглоно.
8.Энэ зүйлд заасан тогтоол танилцуулахаар сэжигтнийг дуудан ирүүлэх ажиллагаа нь энэ хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан оролцогчид хамаарахгүй.