31.3 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулах, гардуулан өгөх /Энэ зүйлийн гарчигт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1.Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулж, хувийг гардуулан өгнө. Төрийн нууцад хамаарах хэргийн яллагдагчаар татах тогтоолыг яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахгүйгээр танилцуулна. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Сэжигтэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцахаас татгалзвал түүнд тогтоолыг уншиж энэ талаар тэмдэглэл хөтөлж, шаардлагатай бол дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.
3.Сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулсны дараа энэ хуулийн Долдугаар бүлэгт заасан яллагдагчийн эрхийг тайлбарлан өгч, тэр тухай тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулна.
4.Мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 12 цагийн дотор явуулна.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.Сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулсны дараа шаардлагатай гэж үзвэл таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.
6.Сэжигтэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцах, гарын үсэг зурах, гардан авахаас татгалзсан нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахад саад болохгүй. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./