31.4 дугаар зүйл. Сэжигтнийг баривчлах
1.Дараахь үндэслэл байгаа бол прокурор сэжигтнийг баривчлах тухай мөрдөгчийн саналыг хүлээн авснаас хойш уг саналыг шүүхэд даруй хүргүүлнэ:
1.1.энэ хуулийн 31.2 дугаар зүйлд заасны дагуу сэжигтнийг дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, эсхүл мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан бол;
1.2.оргон зайлсан, эсхүл мэдэгдэх хуудсаар дуудахад оргон зайлах үндэслэл байгаа бол;
1.3.мөрдөгч, прокурор, шүүгч, хохирогч, гэрч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнийг дарамтлах, сүрдүүлэх, амь нас, эрүүл мэндэд нь халдах үндэслэл байгаа бол;
1.4.гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол;
1.5.нотлох баримтаа устгах, өөрчлөх, хуурамчаар үйлдэх, эсхүл гэрч, хохирогч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнд хууль бусаар нөлөөлөх үндэслэл илэрсэн бол.
2.Сэжигтнийг баривчлах тухай прокурорын саналд дараахь зүйлийг тусгана:
2.1.санал гаргасан прокурорын нэр, албан тушаал, гарын үсэг, он, сар, өдөр;
2.2.сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг;
2.3.энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, түүнийг нотлох баримт.
3.Шүүх нь прокурорын саналыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор сэжигтнийг баривчлах эсэхийг шийдвэрлэнэ.
4.Сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгох тухай шүүхийн шийдвэрт дараахь зүйлийг тусгана:
4.1.сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
4.2.энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан баривчлах үндэслэл;
4.3.баривчлах ажиллагаа явуулах зөвшөөрлийг хэрэгжүүлэх байгууллага;
4.4.зөвшөөрөл олгосон он, сар, өдөр, цаг;
4.5.шийдвэр хүчинтэй байх хугацаа;
4.6.шүүгчийн гарын үсэг, тэмдэг.
5.Шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулах хугацаа 48 цагаас хэтэрч болохгүй.