31.6 дугаар зүйл. Баривчилсны дараа хийгдэх ажиллагаа

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

31.6 дугаар зүйл. Баривчилсны дараа хийгдэх ажиллагаа

1.Мөрдөгч сэжигтнийг баривчлах үед түүнийг ямар хэрэгт холбогдуулан баривчилж байгаа талаар мэдэгдэж, энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхийг сануулна. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тохиолдолд мөрдөгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагаа явуулсны дараа сэжигтэнд баривчлах тухай шүүхийн зөвшөөрөл, үндэслэлийг танилцуулна.

3.Мөрдөгч сэжигтнийг баривчлах үед, эсхүл баривчилсны дараа сэжигтний биед үзлэг хийж, дараахь эд зүйлийг хураан авна:

3.1.хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулах эд зүйл;

3.2.оргон зайлахад ашиглаж болох эд зүйл, баримт бичиг;

3.3.гэмт хэрэг үйлдэж олж авсан, эсхүл гэмт хэрэг үйлдэхэд ашигласан байж болзошгүй эд зүйл, баримт бичиг;

3.4.хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эд зүйл, баримт бичиг;

3.5.хүн, хуулийн этгээд эзэмших, ашиглах, хадгалах, авч явахыг хуулиар хориглосон эд зүйл, баримт бичиг.

4.Мөрдөгч сэжигтнийг баривчилснаас хойш 6 цагийн дотор түүний хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулна.

5.Мөрдөгч сэжигтнийг баривчилснаас хойш 6 цагийн дотор тухайн сэжигтнийг баривчилсан талаар түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгч, гадаад улсын иргэн бол тухайн улсын Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэнэ.

6.Мөрдөгч баривчлах ажиллагааны үед холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадлага хэрэглэж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.