31.7 дугаар зүйл. Тэмдэглэл үйлдэх

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

31.7 дугаар зүйл. Тэмдэглэл үйлдэх

1.Мөрдөгч сэжигтнийг баривчлахдаа тэмдэглэл үйлдэж бэхжүүлнэ. Тэмдэглэлийг баривчлах ажиллагааны үед үйлдэх боломжгүй байсан бол тухайн ажиллагааг дууссанаас хойш даруй нөхөн үйлдэнэ.

2.Тэмдэглэлд баривчлах ажиллагааны үйл явцаас гадна дараахь зүйлийг тусгана:

2.1.баривчилсан мөрдөгчийн овог, нэр, албан тушаал;

2.2.баривчлах ажиллагаа эхэлсэн огноо, газар;

2.3.баривчлагдаж байгаа сэжигтэнд эрхийг нь танилцуулсан цаг, минут;

2.4.баривчлах газарт хүргэсэн цаг, минут;

2.5.баривчлагдсан сэжигтний гаргасан санал хүсэлт, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн;

2.6.энэ хуулийн 31.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу сэжигтнийг баривчилсныг хаана, хэнд мэдэгдсэн тухай болон мэдэгдсэн цаг, минут.

3.Баривчлагдаж байгаа сэжигтэнд эрхийг нь танилцуулсан цаг, минутыг тэмдэглэж, гарын үсэг зуруулна. Гарын үсэг зурах боломжгүй, эсхүл гарын үсэг зураагүй бол энэ тухай тэмдэглэлд тусгана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.