32.10 дугаар зүйл. Яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

32.10 дугаар зүйл. Яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх

1.Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ.

2.Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ.

3.Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараахь зүйлийг тусгана:

3.1.яллагдагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл;

3.2.яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт.

4.Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дараахь зүйлийг тусгана:

4.1.яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх;

4.2.эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал;

4.3.яллах дүгнэлт үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, он, сар, өдөр.

5.Яллах дүгнэлтийн хавсралтад дараахь зүйлийг тусгана:

5.1.шүүх хуралдаанд шинжлэн судлах нотлох баримтын жагсаалт, мэдүүлэг авахаар дуудах бусад оролцогчийн нэр;

5.2.таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эсэх, түүний хугацаа;

5.3.хохирол, хор уршгийн талаархи мэдээлэл;

5.4.эд мөрийн баримт, хураасан, битүүмжилсэн эд хөрөнгө.

6.Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийн материалыг ажлын 3 өдрийн дараа харьяалах шүүхэд шилжүүлэх тухай яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.Яллагдагч яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзвал энэ тухай тэмдэглэл үйлдэж, шаардлагатай бол дуу-дүрсний бичлэгээр баримтжуулж хэргийг шүүхэд шилжүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.Өмгөөлөгч хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө энэ хуулийн 32.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан яллагдагчийг шүүхэд шилжүүлэхтэй холбоотой санал, хүсэлтийг бичгээр гаргаж, хэрэгт хавсаргаж болно. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.Төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан яллах дүгнэлтийг яллагдагчид бүрэн танилцуулан, төрийн нууцад хамаарах хэсгийг уншигдах боломжгүй байдлаар нууцалж, гардуулан өгнө. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

АНХАН ШАТНЫ ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

ЯЛЛАГДАГЧИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ, ШҮҮХ ХУРАЛДААНЫ БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖИЛЛАГАА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.