33.1 дугаар зүйл. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх
1.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
1.1.яллагдагчийг шүүхэд шилжүүлэх;
1.2.хэргийг прокурорт буцаах;
1.3.хэргийг түдгэлзүүлэх;
1.4.хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрт дараахь зүйлийг тусгана:
3.1.шийдвэрийг хэзээ, хаана гаргасан;
3.2.шийдвэр гаргасан шүүгчийн нэр;
3.3.шийдвэрийн үндэслэл.
4.Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахгүй байж болно.
5.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ хуульд заасан үндэслэлээр хаалттай явуулж болно.
6.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана:
6.1.өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой хүсэлт;
6.2.хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох, өөрчлөх талаархи санал, хүсэлт;
6.3.эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх, эсхүл энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5-д заасан нөхцөл байдал бий болсонтой холбоотой хүсэлт;
6.4.прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт;
6.5.яллагдагч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлөх тухай хүсэлт;
6.6.шүүх хуралдааныг хялбаршуулж явуулах тухай хүсэлт; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.7.яллагдагч, хохирогч нар сайн дураараа эвлэрэх тухай хүсэлт;
6.8.яллах дүгнэлт албан ёсоор гардуулаагүй тухай гомдол;
6.9.шүүх хуралдааны товын талаархи санал, хүсэлт;
6.10.шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаархи прокурор, оролцогчийн санал, хүсэлт;
6.11.шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт;
6.12.таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой санал, хүсэлт;
6.13.нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол;
6.14.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол;
6.15.мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт;
6.16.хөрөнгө хураан авах ажиллагаатай холбоотой санал, хүсэлт;
6.17.эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол албан ёсоор танилцуулаагүй болон уг тогтоол ойлгомжгүй тухай гомдол.
7.Энэ зүйлийн 6.5, 6.6, 6.7-д заасан хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг даруй үргэлжлүүлэн явуулж болно. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргасан тохиолдолд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулж болно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч ирээгүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй.
9.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ. Прокурор, оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
10.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч дангаар удирдан явуулж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ хуулийн 11.7, 11.8 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэж, прокурор, оролцогчид танилцуулна.
11.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.
12.Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./