34.16 дугаар зүйл. Шүүх хуралдааныг хойшлуулах

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

34.16 дугаар зүйл. Шүүх хуралдааныг хойшлуулах

1.Шүүх дараахь үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж болно:

1.1.шүүх хуралдаанд оролцвол зохих тал, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч ирээгүй;

1.2.шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ хийлгэх, туршилт хийх, газар, орон байранд үзлэг хийхийг талууд харилцан зөвшөөрсөн;

1.3.улсын яллагч, өмгөөлөгч солигдож, эсхүл нэмэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон;

1.4.шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх бусад шалтгаан бий болсон.

2.Шүүх хуралдааныг хойшлуулахад талуудын санал, хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааны товыг тогтоож, хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээг авна. Шүүх хуралдааныг хойшлуулахад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд энэ хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтална. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно. /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.Шүүгдэгч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг дахин үйлдсэн, эсхүл урьд нь үйлдсэн өөр гэмт хэрэг илэрсэн нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.Энэ зүйлд заасан үндэслэлээр шүүх хуралдаан хойшлогдсон тохиолдолд шүүх хуралдааныг энэ хуульд заасан журмаар эхнээс нь явуулна. Энэ зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан шийдвэрт гомдол гаргахгүй. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.