34.17 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

34.17 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх

1.Шүүх дараахь шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, тухайн хэрэгт холбоотой бусад шүүгдэгчийн хувьд шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ:

1.1.шүүгдэгч оргон зайлсан бол түүнийг олж ирүүлэх хүртэл;

1.2.шүүгдэгч сэтгэцийн, эсхүл өөр хүнд өвчний улмаас шүүхэд ирэх бололцоогүй нь шинжээчийн дүгнэлт, эсхүл эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдож байгаа бол түүний өвчнийг эдгэрэх хүртэл.

2.Шүүхээс оргон зайлсан шүүгдэгчийг эрэн сурвалжлах ажиллагааг шүүхийн шийдвэрээр эрх бүхий байгууллагад гүйцэтгүүлэхээр даалгана.

3.Оргон зайлсан, хүндээр өвчилсөн шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарлан бусад шүүгдэгчид холбогдох хэргийг хэлэлцэх нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.

4.Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.

/Энэ хэсгийн “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4 дүгээр дүгнэлтээр 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./ /Монгол Улсын Их Хурлын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 42 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн./ /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон./

5.Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, энэ тухай саналаа Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.

6.Энэ зүйлд заасан түдгэлзүүлэх нөхцөл арилсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.