37.11 дугаар зүйл. Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шийдвэрлэх үндэслэл
1.Торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих, түүнчлэн тогтоол биелүүлэх үед гарсан ямар нэг тодорхой биш зүйлийг тодруулах асуудлыг уг тогтоол гаргасан шүүх тухайн асуудлыг мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Шүүхийн шийтгэх тогтоол нь түүнийг гаргасан шүүхийн нутаг дэвсгэрийн харьяалалд үл хамаарах өөр орон нутагт биелэгдэж байгаа бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлыг тогтоол биелүүлж байгаа газрын адил эрхтэй шүүх, хэрэв тийм шүүх байхгүй бол дээд шатны шүүх шийдвэрлэж, шийдвэр гаргасан шүүхэд даруй хүргүүлнэ.
3.Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох, хорих, зорчих эрхийг хязгаарлах ялаас өвчний учир чөлөөлөх асуудлыг уг тогтоолыг ямар шүүх гаргасныг харгалзахгүйгээр тогтоол биелүүлж байгаа газрын шүүх шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./