37.12 дугаар зүйл. Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шийдвэрлэх журам
1.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг уг тогтоол гаргасан шүүх тухайн асуудлыг мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор шийдвэрлэнэ. Ялтан, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргавал оролцуулна.
2.Шүүхийн шийдвэрийн хохирол, хор уршиг нөхөн төлүүлэхтэй холбоотой хэсэгт гарсан тодорхой биш асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулж болно.
3.Шүүх ялтанг хорих, зорчих эрхийг хязгаарлах ялаас өвчний учир чөлөөлөх, эмнэлгийн байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ энэ хуулийн Хорин долдугаар бүлэгт заасан журмын дагуу дүгнэлт гаргасан шинжээчийг байлцуулж болно.
4.Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай асуудлыг шийдвэрлэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөгчийг оролцуулна.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.Хэрэг хэлэлцэх ажиллагааг шүүгчийн мэдээллээр эхлэх бөгөөд шүүх хуралдаанд ирсэн хүмүүсийн хүсэлт, прокурорын дүгнэлтийг сонссоны дараа шүүх шийдвэр гаргана.
6.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол, прокурор эсэргүүцэл бичиж болно.
ДАВЖ ЗААЛДАХ, ХЯНАЛТЫН ЖУРМААР ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ДАВЖ ЗААЛДАХ