5.1 дугаар зүйл. Өмгөөлөгчийн эрх, үүрэг

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

5.1 дугаар зүйл. Өмгөөлөгчийн эрх, үүрэг

1.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан, хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулна. /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.Өмгөөлөгч дараахь эрхтэй:

2.1.гэрч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчтэй ганцаарчлан даруй уулзах, түүнээс мэдүүлэг авахад байлцах, асуулт тавих;

/Энэ заалтад 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.2.хохирогч, гэрч, шинжээчээс мэдүүлэг авахуулахаар хүсэлт гаргах;

2.3.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах;

/Энэ заалтад 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.4.хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг энэ хуульд заасан журмын дагуу мөрдөгч, прокурор, шүүхэд гаргаж өгөх, түүнийг хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг шалгуулах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах, энэ хуульд заасан журмын дагуу оролцох; /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.5.өмгөөлж байгаа сэжигтэн, хохирогч, яллагдагч, шүүгдэгч, ялтны, эсхүл өөрийнхөө хүсэлтээр хийгдэж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд байлцаж, аль ч үед асуулт тавих, хүсэлт гаргах;

2.6.мөрдөн шалгах ажиллагаа дууссанаар мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны үед хийгдсэн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг болон тэмдэглэлтэй хэргийн материалтай танилцах үед төрийн нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг хуулбарлан авах, тэмдэглэлд засвар оруулах тухай хүсэлт гаргах; /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.7.энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуулбарлан авах зорилгоор зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн болон бусад техник хэрэгсэл ашиглах; /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.8.өөрсдийнх нь зөвшөөрснөөр хүн, хуулийн этгээдээс хэрэгт ач холбогдол бүхий тайлбар, баримт бичиг, лавлагаа, тодорхойлолт гаргуулж авах; /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.9.мөрдөгч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлт гаргах; /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.10.хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хэргийн бүх материалтай танилцаж, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.11.шүүхийн хэлэлцүүлэгт оролцох; /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.12.мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах; /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.13.сэжигтнийг баривчлах, яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорих, бусад таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд оролцох, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл болсон мөрдөгч, прокурорын санал, шийдвэрийн үндэслэл, түүний нотлох баримттай танилцах; /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.14.анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох; /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.15.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчийн хууль зөрчиж оролцогчид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх санал гаргах; /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.16.энэ хуульд заасан бусад эрх. /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Өмгөөлөгч нь шүүх, прокурор, мөрдөгчийн товлосон хугацаанд хүрэлцэн ирж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй бол энэ тухай урьдчилж мэдэгдэнэ.

4.Өмгөөлөгч тухайн хүн, хуулийн этгээдийн өмгөөлөгчөөр оролцох болсноо үйлчлүүлэгчийн бичгээр үйлдсэн хүсэлтээр баталгаажуулж, шүүх, прокурор, мөрдөгчид бичгээр мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.Өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээсээ татгалзаж болохгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.