7.5 дугаар зүйл. Мэдээлэл авах
1.Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар шүүх, прокурор, мөрдөгчөөс энэ хуульд заасны дагуу өгөхийг зөвшөөрсөн мэдээллийг авах эрхтэй.
2.Яллагдагч монгол хэл, бичиг мэдэхгүй бол өөрийн эх хэл, эсхүл мэдэх хэл, бичгээр, хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламжтайгаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийг авах эрхтэй.
3.Яллагдагч өөрийнх нь хүсэлтээр хийгдэж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах эрхтэй.
4.Яллагдагч шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлттэй танилцах, мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцаж, төрийн нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг дууны, дүрсний, дуу-дүрсний болон бусад техник хэрэгсэл ашиглан өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах эрхтэй. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./