8.2 дугаар зүйл. Хохирогчийн эрх

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

8.2 дугаар зүйл. Хохирогчийн эрх

1.Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь эрхтэй:

1.1.өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах;

1.2.хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах;

1.3.мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах;

1.4.шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох;

1.5.шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр шүүгдэгч, гэрч, шинжээчид асуулт тавих;

1.6.шүүх, прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах;

1.7.эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах;

1.8.хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцаж, төрийн нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг хуулбарлаж, хувилж авах эрхтэй; /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.9.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах;

1.10.шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолын хувийг авах;

1.11.шүүгч, прокурор, мөрдөгч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, мэргэжилтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах;

1.12.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчийн хууль зөрчиж учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх гомдол гаргах;

1.13.шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийн өөрт хамааралтай хэсэгтэй танилцах;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.14.өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.15.энэ хуульд заасан бусад эрх.

/Энэ заалтын дугаарт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Хохирогч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон, эсхүл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ.

3.Хохирогч дараахь үүрэгтэй:

3.1.шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирэх;

3.2.хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх;

3.3.өөрт илэрхий болсон хэргийн талаархи мэдээллийг задруулахгүй байх;

3.4.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам сахих.

4.Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.