10.16 дугаар зүйл. Хөдөлмөрийн тухай хууль зөрчих
1.Хуульд заасны дагуу ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл одой хүнийг ажиллуулах үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Насанд хүрээгүй хүнээр зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хүнд ачааг өргүүлсэн, зөөлгөсөн, насанд хүрээгүй хүнийг шөнө, амралтын өдөр, эсхүл илүү цагаар ажиллуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Ажилтныг хуульд заасан илүү цагаар ажиллуулах хязгаарлалтыг зөрчиж илүү цагаар ажиллуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Ажил олгогч:
4.1.хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хийх хэлэлцээнд оролцохоос зайлсхийсэн, эсхүл хугацаанд нь эхлүүлээгүй;
4.2.хамтын маргааныг зуучлагч, эсхүл хөдөлмөрийн арбитраар шийдвэрлүүлэхээс үндэслэлгүй татгалзсан;
4.3.хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
4.4.хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэхэд оролцсон ажилтны ажлын байранд гаднаас ажилтан авч ажиллуулсан;
4.5.хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэх, хэлэлцээ хийхэд оролцсон ажилтны төлөөлөгчдөд Хөдөлмөрийн тухай хуульд заасныг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан, эсхүл ажлаас нь өөрчилсөн, эсхүл халсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, ажил хаялт зохион байгуулах, ажлын байрыг түр хаах, санал зөрүүтэй асуудлаар талууд санал солилцох, чөлөөтэй сонголт хийхэд нь хөндлөнгөөс оролцсон, эсхүл хуульд заасан хязгаарлалтыг зөрчиж, ажил хаяхыг хориглосон байгууллагад ажил хаялт зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Хөдөлмөрийн дотоод журам, ажил, албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолт болон албан тушаалын лавлах, хөдөлмөрийн норм, норматив, үндсэн цалингийн сүлжээ, жишгийг баталж мөрдөөгүй, өөрийн буруугаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээгээгүй, зохих бичилтийг хийж баталгаажуулаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд цуцалсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ажил олгогчийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн:
8.1.иргэнийг ажилд авсан тушаал гаргаагүй;
8.2.нийгмийн даатгалын дэвтэр нээгээгүй; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
8.3.эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээгээгүй;
8.4.нийгмийн даатгалын, эсхүл эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийж баталгаажуулаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
9.Ажил олгогч:
9.1.ажилтныг хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллуулж байгаа тохиолдолд ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага үндсэн цалин, хөлс олгосон;
9.2.ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан;
9.3.ажилтны буруугүйгээс үүссэн сул зогсолтын олговрыг олгоогүй, эсхүл түүнийг хуулиар тогтоосон хэмжээнээс доогуур тогтоож олгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Ажил олгогч нь ажилтны ажил, мэргэжил, мэргэшил, албан тушаал, цалин хөлсний тухай тодорхойлолтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
11.Ажил хаялтад оролцох, түүнийг үргэлжлүүлэхийг, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд ажил хаялтыг зогсоох, түүнд оролцохоос татгалзахыг ажилтанд тулган шаардсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./