10.17 дугаар зүйл. Нийгмийн даатгалын ерөнхий тухай хууль зөрчих /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.Ажил олгогч хуульд зааснаар албан журмын нийгмийн даатгалд хамрагдаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор шимтгэл ногдох орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Ажил олгогч нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагад ажил, хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөрийн харилцаа үүсээгүй хүнд шимтгэл төлсөн, эсхүл үндэслэлгүйгээр цалин хөлсийг өсгөж, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авсан бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Банк, санхүүгийн байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгоогүй саатуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Сар, улиралд батлагдсан цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг бүрэн тодорхойлоогүй, түүнд оногдох шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр үнэн зөв суутган тооцоогүйгээс үүссэн хохирлыг санд нөхөн төлүүлж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.Нийгмийн даатгалын шимтгэл төлөх даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлоготой холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтлөөгүй, тайланг буруу гаргасан хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
10.Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацааг буруу тогтоосон, эсхүл тогтоогоогүй хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
11.Хуурамч баримт бичиг бүрдүүлэн тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг үндэслэлгүйгээр илүү тогтоолгон авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хүнийг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.Нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг үндэслэлгүйгээр устгасан, засварласан, хуурамч мэдээлэл оруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бус үйлдэл гаргаснаас үүссэн хохирлыг нөхөн төлүүлж, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
Тайлбар: Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нуусан, эсхүл санаатайгаар бууруулсан орлогод төлбөл зохих шимтгэлтэй тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна. -Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна. -Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн банк, санхүүгийн байгууллага нь сарын тэтгэвэр, тэтгэмжийн дүнгээс саатуулсан хоног тутамд алданги төлөх ба уг алдангийн хэмжээ нь тэтгэвэр, тэтгэмж авагчийн үйлчлүүлдэг банкны иргэдийн хугацаатай хадгаламжийн тухайн үеийн хүүгээр бодогдоно. -Хуульд заасны дагуу сайн дураар даатгуулагчид энэ зүйлийн 3, 7 дахь хэсэг хамаарна. /Энэ зүйлийн тайлбарыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./