10.24 дугаар зүйл. Хэмжил зүйн тухай хууль зөрчих
/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1.Хуульд заасан:
1.1.Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрснөөс бусад хэмжлийн нэгжийг хэрэглэхгүй байх;
1.2.хэмжлийн нэгжийн нэр, тэмдэглэгээ, тэдгээрийг бичих, хэрэглэх журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Савласан бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, холбогдох дүрэм, журам, стандартыг зөрчиж савласан бүтээгдэхүүн худалдсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгүүлээгүй, эсхүл баталсан загвартаа тохирохгүй, эсхүл баталгаажуулалтад хамрагдаагүй, эсхүл ашиглах, суурилуулах шаардлага хангаагүй хэмжих хэрэгслийг хүн, мал эмнэлгийн оношилгоо, эмчилгээ, улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд болон худалдаа, үйлчилгээнд ашигласан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.Хүн, мал эмнэлгийн оношилгоо, эмчилгээ, улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд болон худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглах хэмжих хэрэгслийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгүүлэхгүйгээр импортолсон, үйлдвэрлэсэн, засварласан, суурилуулсан, эсхүл баталгаажуулалтад хамруулаагүй хэмжих хэрэгслийг худалдсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.Хэмжих хэрэгслийн сонголт, холболт, хэмжлийг буруу хийсэн, эсхүл хэмжих хэрэгслийн хэмжил зүйн үзүүлэлт, программ хангамжийг өөрчилсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.