10.25 дугаар зүйл. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10.25 дугаар зүйл. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль зөрчих

/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Итгэмжлэгдсэн сорилтын лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналтын байгууллага нь тохирлын үнэлгээний үр дүнг зориуд буруу гаргасан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй обьектод сорилт, баталгаажуулалт, техникийн хяналт явуулах байгууллага нь хуульд заасан журмын дагуу нэг жилээс дээш хугацаагаар итгэмжлэгдээгүйгээр тохирлын үнэлгээний үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Итгэмжлэгдсэн байгууллага тохирлын үнэлгээг итгэмжлэлээр тогтоосон хүрээнд явуулах эрхээ хэтрүүлж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээ, мэдүүлгийг хуурамчаар гаргасан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах обьектод тогтоосон техникийн зохицуулалтыг мөрдөөгүй, эсхүл үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт шаардлагыг хангаагүй байгууллагын стандартыг баримтлан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл эхэлснээс хойш гурван сарын дотор тохирлын баталгаанд хамруулаагүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Хуульд заасныг зөрчиж:

7.1.үндэсний стандартыг худалдах зорилгоор хувилж олшруулсан;

7.2.үндэсний стандарт, эсхүл стандарт хэрэглэх журамд зааснаас өөр стандарт хэрэглэсэн;

/Энэ зүйлийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.3.стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнд стандартын товчилсон тэмдэглэгээ тавьсан;

7.4.бүтээгдэхүүний чанарын ангилал, зэргийг зориуд өсгөсөн, эсхүл улсын стандартын тэмдэглэгээ, тохирлын үнэлгээний үр дүнг хууль бусаар ашигласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.