11.11 дугаар зүйл. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль зөрчих
1.Тусгай зориулалтын компанийг хуульд зааснаас бусад этгээд үүсгэн байгуулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Тусгай зориулалтын компани, орон сууцны санхүүжилтийн компани:
2.1.оноосон нэрэндээ хуульд заасан дэлгэрэнгүй, товчилсон тэмдэглэгээ хэрэглээгүй;
2.2.хуулиар зөвшөөрснөөс бусад этгээд оноосон нэрэндээ хуульд заасан тусгай зориулалтын компанийн дэлгэрэнгүй, товчилсон тэмдэглэгээ хэрэглэсэн;
2.3.хуулиар хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн;
2.4.түүний эрх бүхий албан тушаалтан, хөрөнгө итгэмжлэн удирдагч нь хөрөнгө болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээ авч, тусгай зориулалтын компанийн нийт хөрөнгө, санхүүгийн тайлан, тэнцэл, баримт бичиг, албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдгийг эрх хүлээн авагчийн эзэмшилд шилжүүлэх бөгөөд эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь эрх хүлээн авагчтай бүх талаар хамтран ажиллах үүргээ биелүүлээгүй хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Барьцаат үнэт цаас гаргагч хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн зөвшөөрөлгүйгээр хөрөнгийн багцад байгаа хөрөнгийг сольсон, эсхүл үнэт цаас гаргагч, барьцаат үнэт цаас гаргагч нь хуульд заасан журмын дагуу тайлан гаргаж эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Барьцаат үнэт цаас гаргагч:
4.1.хөрөнгийн багцын бүртгэлийн хянагчийг томилоогүй;
4.2.хөрөнгийн багцын бүртгэлийн хянагчийг томилсон тухай хуульд заасан хугацаанд үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагад хуульд заасны дагуу мэдэгдээгүй;
4.3.хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл зохицуулах эрх бүхий байгууллагаас хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн;
4.4.банк бол барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэлийг эрх бүхий байгууллага болон Монголбанканд, орон сууцны санхүүжилтийн компани бол эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Хөрөнгийн багцын бүртгэлийг хянагч нь үнэт цаасыг баталгаажуулж байгаа багцыг хамгаалахад шаардлагатай холбогдох бүх данс, баримт, материалын эхийг эрх хүлээн авагчид хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.