11.12 дугаар зүйл. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11.12 дугаар зүйл. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль зөрчих

1.Монголбанкны хяналт шалгалтын тайлангаар банкны санхүүгийн байдал муудахад нөлөөлсөн, эсхүл банкны үйлчилгээ авахдаа санхүүгийн давуу эрх эдэлсэн нь тогтоогдсон хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр төлсөн, эсхүл даатгалын нөхөн төлбөр олгох банкинд зориудаар худал мэдээлэл өгсөн, эсхүл уг мэдээллийг ашиглан даатгалын нөхөн төлбөр олгосон бол ажилтныг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийг 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Хуульд заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгоогүй, эсхүл хуульд заасны дагуу олгох даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг зориудаар буруу тооцсон эсхүл худал мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хадгаламжийн даатгалын сангийн актив хөрөнгийг хуульд зааснаас өөр зориулалтаар зарцуулсан, эсхүл хуулиар зөвшөөрснөөс бусад санхүүгийн хэрэгсэлд байршуулсан, эсхүл Хадгаламжийн даатгалын корпораци хуульд зааснаас бусад үйл ажиллагаа эрхэлсэн, эсхүл ашгийн төлөө хуулийн этгээд байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Хуульд зааснаас бусад тохиолдолд хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны гишүүн, Корпорацийн ажилтан, хянан шалгагч, Корпорацид гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа этгээд албан үүргийнхээ дагуу олж мэдсэн Корпораци, банкны талаархи мэдээ, мэдээллийг бусдад задруулсан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

5.Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос баталсан хадгаламжийн даатгалын хураамжийн журмын дагуу хуульд заасан хураамжийг төлөөгүй, эсхүл төлбөл зохих хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг гүйцэтгээгүй дүнгээс Монголбанкны бодлогын хүү дээр 5 хувийг нэмсэн хувиар үржүүлсэн дүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийг 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.Банк нь хадгаламжийн даатгалын корпораци хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг банк тогтоосон хэлбэрээр, хугацаанд нь хадгаламжийн даатгалын корпорацид хүргүүлээгүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийг 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.Банк нь корпорацийн хүсэлтээр шаардлагатай нэмэлт мэдээллийг тухай бүр гаргаж өгөөгүй бол хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

8.Банк нь Үндэсний хорооноос баталсан банкны тайлан, мэдээ, мэдээлэл ирүүлэх журам зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

9.Банк нь дутуу, эсхүл буруу мэдээ, мэдээллийг ирүүлсэн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.Банк нь Үндэсний хорооноос баталсан журмын дагуу хадгаламжийн даатгалын тогтолцоо, даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ, түүнийг тооцох хугацааны талаархи мэдээллээр хадгаламж эзэмшигчийг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл хадгаламжийн даатгалын тогтолцооны талаар буруу мэдээлэл хүргэсэн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

11.Банк нь энэ зүйлийн 10 дахь хэсэгт заасан мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор, эсхүл банкны салбарын тогтвортой байдал, хадгаламж эзэмшигчдийн итгэлд сөргөөр нөлөөлөх байдлаар ашигласан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

12.Банк нь даатгалын тохиолдол бий болоход хуульд заасны дагуу хадгаламжийн даатгалд хамаарахгүй хадгаламж эзэмшигч этгээдэд даатгалын нөхөн төлбөр төлсөн бол зориудаар худал мэдээлэл өгсөн, эсхүл уг мэдээллийг ашиглан даатгалын нөхөн төлбөр олгосон хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийг дугаарт 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.