11.17 дугаар зүйл. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль зөрчих
1.Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан төсөл, хөтөлбөрт тавигдах шаардлагыг зөрчсөн бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд тус банкны хянан шалгагчийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж байгаа хяналт шалгалтад саад учруулсан бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан, эсхүл гүйлгээг саатуулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Тайлан тэнцэл, мэдээ баримтыг зохих хууль, журмын дагуу гаргаж өгөөгүй, эсхүл Хөгжлийн банкны жилийн эцсийн санхүүгийн тайлан, түүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монголбанк, Засгийн газар, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээгүй, эсхүл нийтэд мэдээлэх санхүүгийн тайланг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Нийтлүүлсэн тайлан, мэдээлэлд хуурамч, худал, ташаа мэдээлэл агуулагдсан бол уг тайлан, мэдээллийг баталгаажуулсан Гүйцэтгэх захирал, эрх бүхий бусад хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх, баталгаа, батлан даалт гаргах нийт санхүүжилтийн дүнгийн 60-аас доошгүй хувийг экспортыг дэмжсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулах үүргээ зөрчсөн бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6 дахь хэсэгт зааснаас бусад байдлаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль зөрчсөн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.