11.18 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11.18 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчих

1.Аж ахуйн нэгж, байгууллага:

1.1.хуульд заасан бүртгэлийн стандартыг дагаж мөрдөөгүй;

1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бол нягтлан бодох бүртгэлээ монгол хэлээр хөтлөөгүй;

1.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бол ажил, гүйлгээгээ үндэсний мөнгөн тэмдэгтээр бүртгэж, тайлагнаагүй;

1.4.аж ахуйн нэгж, байгууллага болон төлөөний газар нь санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөн тохиолдолд ажил, гүйлгээгээ гадаад валютаар бүртгэх, энэ тохиолдолд санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр илэрхийлж тайлагнах үүргээ биелүүлээгүй;

1.5.гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах үүргээ биелүүлээгүй;

1.6.аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй;

1.7.санхүүгийн тайланг цахим хэлбэрээр хүлээн авсан харилцагч санхүүгийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;

1.8.харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлж байгаа санхүүгийн тайланг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, эсхүл ерөнхий нягтлан бодогч цахим гарын үсэг зурж баталгаажуулаагүй;

1.9.харилцагч санхүүгийн байгууллагын баталгаажуулсан цахим санхүүгийн тайланд үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийх үүргээ биелүүлээгүй;

1.10.хуульд заасан стандартыг мөрдөх үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага нь эхний хагас жилийн болон жилийн санхүүгийн тайланг хуульд заасан хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлээгүй;

1.11.нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргах үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллага нь жилийн санхүүгийн тайланг хуульд заасан хугацаанд толгой компанийн харилцдаг харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлээгүй;

1.12.нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол 10-аас доошгүй жил хадгалах үүргээ биелүүлээгүй;

/Энэ заалтад 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.13.нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын нийтлэг загвар, бүрдүүлэх аргачлал, удирдах байгууллагаар батлуулсан өөрийн онцлогт тохирсон дотооддоо мөрдөх анхан шатны баримт, маягтыг мөрдөөгүй;

1.14.гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр, эсхүл цахим хэлбэрээр бичилт хийж баталгаажуулах үүргээ биелүүлээгүй; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

1.15.анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, эсхүл шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, /тэмдэг/ дарж баталгаажуулах, цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримтыг цахим гарын үсгээр баталгаажуулах үүргээ биелүүлээгүй;

1.16.анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэсэн, санхүүгийн тайланд тусгасан;

1.17.нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргаагүй;

1.18.нягтлан бодох бүртгэлээ давхар бичилтийн аргаар хөтлөөгүй;

1.19.нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг хуульд заасан дарааллаар гүйцэтгээгүй, эсхүл заавал бүртгэх зүйлсийг бүртгээгүй;

1.20.аж ахуйн ажил, гүйлгээ нь аль улсын нутаг дэвсгэрт гарснаас үл хамааран холбогдох анхан шатны баримт, бүртгэлийн маягтыг хуульд заасны дагуу бусад баримт, бүртгэлийн маягттай хамт хадгалах үүргээ биелүүлээгүй;

1.21.нягтлан бодох бүртгэл хөтлөлтөд гарсан алдааг алдаа гарсан шалтгаан, залруулах аргыг тодорхой тусгасан баримт, тайланг үндэслэн залруулах, уг залруулгыг зөвшөөрсөн болон залруулга хийсэн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулах, алдаа гарсан үеийн санхүүгийн тайланд тусгах замаар залруулах үүргээ биелүүлээгүй;

1.22.хуулиар эрх олгосон этгээдийн шаардсан санхүүгийн тайлангийн үзүүлэлтийн талаар нэмэлт тайлбар, тодруулгыг цаг тухайд нь, үнэн зөв гаргаж өгөөгүй;

1.23.удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааварт нийцүүлэн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг баталж, мөрдөж ажиллаагүй;

1.24.нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байх үүргээ биелүүлээгүй;

1.25.ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.