11.26 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11.26 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль зөрчих

1.Зохицуулалттай этгээдийн эрхлэх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, бүртгэл, эрхгүйгээр эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хөрөнгө оруулалтын сангийн танилцуулгад дутуу, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тусгаж нийтэд танилцуулсан, эсхүл худал амлалт өгсөн, эсхүл танилцуулгад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр аливаа өөрчлөлт оруулсан, эсхүл хуулийг зөрчиж эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй танилцуулгыг нийтэд танилцуулсан, эсхүл уг үнэт цаасны талаар аливаа зар сурталчилгаа явуулсан, эсхүл санхүүжилт татах зорилгоор бусад төрлийн мэдээллийг нийтэд нээлттэй зарласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хуульд заасныг зөрчиж:

3.1.хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйл ажиллагааны журам зөрчсөн;

3.2.хориглосон үйл ажиллагаа явуулсан;

3.3.хамтын хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах ажиллагаа явуулсан, эсхүл бусдад мэдээлэл өгсөн, эсхүл бусдаас хөрөнгө төвлөрүүлсэн;

3.4.хамтын хөрөнгө оруулалтын сан хуульд тусгайлан заасан зохицуулалттай зах зээлд нийтэд нээлттэй арилжаалагддаг санхүүгийн хэрэгслээс бусад төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгө оруулсан;

3.5.хамтын хөрөнгө оруулалтын сан нь санхүүгийн хөшүүрэг хэрэглэсэн, эсхүл үнэт цаасны үнийн бууралтаас ашиг хүртэх нөхцөлтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл активын бүтэцдээ оруулсан;

3.6.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулалтын хэрэгслийн хөрвөх чадвараас хамаарч хөрөнгө оруулалтын менежментийн компани сангийн дүрэм, хөрөнгө оруулалтын бодлогод нийцүүлэн хугацаа дуусахаас өмнө хөрөнгө оруулалтын хэрэгслийг бусдад худалдах, мөнгөн хөрөнгийн санг бүрдүүлэх ажиллагааг тухайн сангийн үйл ажиллагаа эрхлэх хугацаа дуусахаас өмнө тодорхой төлөвлөгөөний дагуу урьдчилан гүйцэтгэсэн ажиллагааны улмаас бий болсон мөнгөн хөрөнгөөр өөр бусад хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийсэн;

3.7.хамтын хөрөнгө оруулалтын санг татан буулгах шийдвэр гарснаас хойш сангийн хөрөнгийг хуульд тусгайлан заасны дагуу худалдан борлуулахаас өөрөөр захиран зарцуулсан;

3.8.гадаад улсад бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сан нь Монгол Улсын нутаг дэвсгэрт сангийн хувьцаа, нэгж эрхээ нийтэд санал болгон худалдсан;

3.9.кастодиан нь нэг хөрөнгө оруулалтын сангийн тухайд хөрөнгө оруулалтын менежментийн, кастодианы үйлчилгээг нэгэн зэрэг үзүүлсэн;

3.10.хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан журам, заавар, сангийн дүрэм, сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах журмаар тогтоосон, хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт заасан, эсхүл хөрөнгө оруулалтын сантай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаа эсэхэд сангийн хөрөнгийг гэрээгээр хадгалж байгаа кастодиан нь хяналт тавих үүргээ биелүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Хуульд заасан мэдээлэл, мэдэгдлийг зохих журмын дагуу холбогдох этгээдэд гаргаж өгөөгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Хөрөнгө оруулалтын менежментийн компани сангийн хөрөнгийг захиран зарцуулахтай холбогдсон хэлцлийг өөрийн нэрийн өмнөөс хийгээгүй, эсхүл итгэмжлэн удирдлагыг хэрэгжүүлж байгаа гэдгээ мэдэгдээгүй, эсхүл татан буулгах хуульд заасан хугацаанд аудитын байгууллагыг сонгож гэрээ байгуулаагүй, эсхүл тавих шаардлагыг биелүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Хуульд заасныг зөрчиж:

6.1.хөрөнгө оруулалтын сангийн дэлгэрэнгүй, эсхүл товчилсон тэмдэглэгээг хэрэглэсэн;

6.2.хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхэд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргасан;

6.3.эрх бүхий байгууллагаас эрх олгосон, хүлээн зөвшөөрснөөс бусад тохиолдолд хөрөнгө оруулалтын сантай холбоотой зар сурталчилгаа явуулсан;

6.4.хөрөнгө хадгалах гэрээнд хуулиар, эсхүл сангийн дүрмээр хөрөнгө оруулалтын менежментийн компани, эсхүл кастодианы хүлээхээр заасан үүрэг, хариуцлагыг бууруулах, эсхүл чөлөөлөх тухай заалт тусгасан бол хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Эрх хүлээн авагч эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг гаргаж өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Хөрөнгө оруулалтын менежментийн компани хуульд заасан нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.