11.28 дугаар зүйл. Валютын зохицуулалтын тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11.28 дугаар зүйл. Валютын зохицуулалтын тухай хууль зөрчих

1.Монгол Улсын иргэн, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, Монгол Улсад оршин байрладаг хуулийн этгээд, түүний гадаадад байгаа салбар, төлөөлөгчийн газар нь гадаадад хөрөнгө байршуулах, зээл тусламж олгохдоо санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээд нь орлогоо гадаад валютаар бэлнээр буюу бэлэн бус төлбөрийн хэрэгслээр авсан бол Монголбанкнаас эрх олгосон арилжааны банкинд уг орлогыг авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор худалдах буюу хадгалуулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

3.Арилжааны банк:

3.1.төгрөгийн ханшид нөлөө үзүүлэхүйц гүйлгээг Монголбанкны зөвшөөрлөөр гүйцэтгэх;

3.2.харилцагчийнхаа гадаад валютын дансны нууцыг хадгалж, найдвартай байдлыг хангах;

3.3.гадаад валютын гүйлгээг харилцагчийн анхны шаардлагаар хийх, хөрөнгийнх нь үлдэгдэлд хүү төлөх үүргээ биелүүлээгүй бол хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээд, валютын харилцаанд оролцогч түр оршин суугч нь гадаад валютыг худалдах, худалдан авах болон зээлдэх, шилжүүлэх ажиллагааг зөвхөн Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Өөрийн гадаадаас авсан валютын зээлийг Монголбанканд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Монголбанкны зөвшөөрөлгүйгээр буюу олгогдсон зөвшөөрлийн хүрээнээс гадуур:

6.1.гадаад валютын бэлэн бус төлбөр, тооцооны үйл ажиллагаа эрхлэх;

6.2.гадаад валютыг бэлнээр худалдах, худалдан авах;

6.3.байнга болон түр оршин суугчдын нэр дээр гадаад валютын данс нээж, гүйлгээ хийх;

6.4.гадаад валютаар зээл олгох, баталгаа гаргах зэрэг актив, пассивын бүх төрлийн ажил, гүйлгээ эрхлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Валютын арилжааны мэдээг ирүүлэхдээ хугацаа хоцроосон, эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу ирүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.