12.1 дугаар зүйл. Барилгын тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12.1 дугаар зүйл. Барилгын тухай хууль зөрчих

1.Барилгын тухай хуульд заасан:

1.1.барилгын үйл ажиллагаанд заавал, эсхүл сонгож мөрдөх барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг дагаж мөрдөөгүй;

1.2.барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр хэвлэсэн;

1.3.захиалагч, гүйцэтгэгч барилга байгууламжийг барихаар олгогдсон газрын хил хязгаар, хэмжээг дур мэдэн өөрчилсөн;

1.4.улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга байгууламжийн төсвийн тооцоог мэргэшлийн зэрэгтэй төсөвчнөөр хийлгээгүй;

1.5.барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн;

1.6.барилга байгууламж барих, шинэчлэх, өргөтгөх, засварлах ажилд олон улсын, эсхүл үндэсний стандартын шаардлага хангаагүй, эсхүл гарал үүсэл, тохирлын гэрчилгээгүй материал, бүтээгдэхүүн, эдлэхүүн, барилгын хэв хашмалын тулаасанд мод хэрэглэсэн;

1.7.зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээд барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй;

1.8.барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй;

1.9.өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, эсхүл тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.10.барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангасан;

1.11.гэрчилгээ олгогдоогүй, эсхүл дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Аж ахуйн нэгж, байгууллага:

2.1.хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй;

2.2.хуульд заасан магадлал хийлгэх барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгээгүй;

2.3.зураг төслийн магадлалын татгалзсан дүгнэлт гарсан байхад олгосон барилгын ажлын зөвшөөрлөөр барилгын ажлыг эхлүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Барилгын ажлын явцад төсөлд заасан тухайн барилга байгууламжийн барилгын ажлын талбайн хэмжээ, хил хязгаар, зураг төсөл, барилга архитектурын эх загвар /эскиз/ зураг, барилгын материалыг дур мэдэн өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл аваагүй, эсхүл барилгын салбарын нэгдсэн санд бүртгүүлээгүй барилгын үйл ажиллагаа эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Барилгын ажлын захиалагч хуульд заасан:

5.1.барилга байгууламжид тавих шаардлагыг хангаагүй;

5.2.чиг үүргээ хэрэгжүүлээгүй;

5.3.барилга байгууламжийн хамгаалалтын горимыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Зураг төсөл зохиогч хуульд заасан:

6.1.барилгын зураг төсөлд тавих шаардлагыг хангаагүй;

6.2.барилга байгууламжид тавих шаардлагыг хангаагүй;

6.3.чиг үүргээ хэрэгжүүлээгүй;

6.4.өөрийн боловсруулсан зураг төсөлд магадлал хийхгүй байх журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Барилгын ажлын гүйцэтгэгч:

7.1.тухайн барилга байгууламж дээр ажиллах ажилтнуудыг амь насны даатгалд хамруулаагүй;

7.2.барилга байгууламжид тавих шаардлагыг хангаагүй;

7.3.барилгын ажлын талбайд тавих шаардлагыг хангаагүй;

7.4.чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Барилга байгууламжийн ашиглагч, эзэмшигч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Барилгын салбарт ажиллах гадаадын иргэн, хуулийн этгээд нь:

9.1.барилгын үйл ажиллагаанд оролцох хүсэлт гаргахдаа мэргэжлээрээ ажилласан туршлагатай, хууль тогтоомжийн дагуу ажиллах зөвшөөрөл авах;

9.2.барилгын үйл ажиллагаа эрхлэхдээ хуульд заасан тусгай зөвшөөрөл авах;

9.3.Монгол Улсын хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилгын үйл ажиллагааг хуульд заасан эрх бүхий Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран гэрээ байгуулж, эрхлэх;

9.4.хуульд заасан тусгай зөвшөөрөл авах хүсэлтэд тухайн орны эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсаргах;

9.5.барилгын үйл ажиллагаа эрхлэх бүртгэлд хуульд заасны дагуу бүртгүүлэх журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж гадаадын иргэнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, гадаадын хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.