12.2 дугаар зүйл. Геодези, зураг зүйн тухай хууль зөрчих
1.Төрөл бүрийн масштаб, бүх ангиллын газрын зураг, геодезийн хэмжилт, магадлан хэмжилтийг:
1.1.солбилцол, өндрийн нэгдсэн тогтолцоонд нийцүүлээгүй, эсхүл хийгээгүй;
1.2.тогтоосон нарийвчлал, стандарт, норм, дүрмийн шаардлагад нийцүүлэн гүйцэтгээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Газрын зургийн масштабыг томруулан хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ:
3.1.геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй;
3.2.хэмжлийн багажиндаа баталгаажуулалт хийлгээгүй;
3.3.улсын болон орон нутгийн төсөв, төрийн байгууллага хэрэгжүүлж байгаа төслийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлынхаа тайлан, эх материал, солбицлын жагсаалт (каталог), бүдүүвч зураг, бичлэг, бусад тоон мэдээллийг нэгдсэн санд үнэ төлбөргүй шилжүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Геодези, зураг зүйн байнгын цэг, тэмдэгтийг устгасан, эсхүл гэмтээсэн, эсхүл хэмжилт хийх нөхцөлийг алдагдуулсан, эсхүл хамгаалах арга хэмжээ авч ажиллаагүй, эсхүл зохих зөвшөөрөлгүй хөдөлгөсөн, эсхүл нүүлгэн шилжүүлсэн, эсхүл байгуулах явцад газар, барилга, байгууламж, бусад обьектод хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Геодезийн байнгын цэг, тэмдэгт байрлуулж уг цэг, тэмдэгтийн байрлаж байгаа сум, дүүргийн Засаг даргад, эсхүл хилийн зурваст бол хил хамгаалах ерөнхий газрын харьяа тусгай ангийн удирдлагад хүлээлгэж өгөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Иргэн, хуулийн этгээд нь өөрийн хэрэгцээнд барьсан барилга, байгууламжид газрын зураг хийлгээгүй, эсхүл хийлгэсэн газрын зургийг геодези, зураг зүйн мэдээллийн нэгдсэн санд үнэ төлбөргүй оруулаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Геодезийн байнгын цэг, тэмдэгт байрлаж байгаа газар, барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь геодезийн үйл ажиллагааг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.