12.3 дугаар зүйл. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12.3 дугаар зүйл. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль зөрчих

1.Хуульд заасан:

1.1.тусгай зөвшөөрөлгүйгээр газрын кадастрын үйл ажиллагаа явуулсан, эсхүл газрын кадастрын холбогдох материалд засвар хийсэн; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.2.газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, эсхүл газрын улсын бүртгэлийг буруу хийсэн;

1.3.газрын кадастрын мэдээллийн санд дур мэдэн өөрчлөлт хийсэн, эсхүл тэдгээрийг олшруулж бусдад дамжуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Газрын кадастр, кадастрын зураглалын үйл ажиллагаанд:

2.1.саад учруулсан;

2.2.хөндлөнгөөс оролцсон;

2.3.үүргийн дагуу оролцоогүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хүн, хуулийн этгээд:

3.1.өөрийн эдлэн газрын хилийн эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тэмдэглэсэн тэмдэгтийг хамгаалалтдаа авч бүрэн бүтэн байдлыг хариуцаагүйгээс;

3.2.эзэмшиж, ашиглаж байгаа газартаа геодезийн цэг, тэмдэгт, эдлэн газрын хил заагийн тэмдэглээсийг гэмтээсэн, эсхүл устгасан, эсхүл зохих зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлснээс эдлэн газрын эргэлтийн цэгүүдийг хөдөлгөсөн, эсхүл нүүлгэн шилжүүлсэн, эсхүл устгасан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Эдлэн газар, нэгж талбарын:

4.1.хэмжээ, байршлыг дур мэдэн өөрчилсөн;

4.2.хил заагийг тогтоосон цэг тэмдэгтийг хөдөлгөсөн, эсхүл гэмтээсэн, эсхүл устгасан бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Кадастрын зураглалын солбицлын тогтолцоо, масштаб, нарийвчлалын талаар хуульд заасныг зөрчиж, бүх ангиллын кадастрын зургийг мөрдөгдөж байгаа солбицол, өндрийн нэгдсэн тогтолцоо, масштаб, нарийвчлалд хийгээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.