14.1 дугаар зүйл. Харилцаа холбооны тухай хууль зөрчих
1.Харилцаа холбооны шугам, сүлжээний дагуу тавигдсан аливаа тэмдэг, шон, хамгаалах хэрэгслийг унагасан, эсхүл эвдсэн, эсхүл устгасан, эсхүл тэдгээрийн бичээсийг арилгасан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Кабелийн шүүгээ, худаг, сувагчлал, шуудангийн хайрцагт хог хаясан, эсхүл бусад зүйлээр бохирдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газарт:
3.1.хориглосон үйл ажиллагаа явуулсан;
3.2.урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр ажил гүйцэтгэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Харилцаа холбооны тоног төхөөрөмжийг:
4.1.шинэчлэх;
4.2.өргөтгөх;
4.3.үйлчилгээний зориулалтыг өөрчлөх, түр зогсоох тухай Харилцаа холбооны зохицуулах хороо, хэрэглэгчид урьдчилан мэдэгдээгүй бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5.Харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн стандарт, техник, технологийн нөхцөл, горимыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Нийтийн эзэмшлийн газарт байрлуулсан харилцаа холбооны тоног төхөөрөмжийг эвдсэн, эсхүл гэмтээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Барилга байгууламж, инженерийн шугам, сүлжээний хайгуул хийх, зураг төсөл зохиох, барилга байгууламж, шугам сүлжээ байгуулахдаа тэдгээрийн талбайд орсон харилцаа холбооны шугам, сүлжээг зохих зөвшөөрөлгүйгээр тасалсан, эсхүл зөөсөн, эсхүл үүний улмаас тухайн шугам сүлжээ /холбооны кабель, агаарын баганат шугам, хэрэглэгчийн кабелийн хайрцаг, шүүгээ, оруулгын утас, трансформатор, сувагчлал, шуудангийн хайрцаг зэрэг/-г гэмтээсэн, эсхүл ашиглалтгүй болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Тусгай зөвшөөрөлгүйгээр харилцаа холбооны сүлжээнд холболт хийж, харилцаа холбооны сүлжээ ашигласан, эсхүл үйлчилгээ эрхэлсэн, эсхүл зөвшөөрөлгүйгээр холбооны шугам, сүлжээний техник, тоног төхөөрөмж ашигласан бол үйл ажиллагааг нь зогсоож учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Үйлчлэгч:
9.1.хуульд заасны дагуу баталгаажуулсан тоног төхөөрөмж ашиглаагүй, хэрэглэгчийг иргэний бүртгэлийн дугаараар бүртгээгүй, бусад үйлчлэгчид ижил нөхцөлөөр үйлчлээгүй; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.2.харилцаа холбооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөх, үйлчилгээний зориулалтыг өөрчлөх, түр зогсоох тухай Харилцаа холбооны зохицуулах хороо, эсхүл хэрэглэгчид урьдчилан мэдэгдээгүй;
9.3.хууль тогтоомжид зааснаас бусад үед харилцаа холбооны үйлчилгээг зогсоосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Нийтийн үйлчилгээний харилцаа холбооны сүлжээний хэвийн ажиллах нөхцөлийг хангаагүй, нийтийн үйлчилгээний харилцаа холбооны сүлжээг байрлуулах, харилцаа холбооны тоног төхөөрөмж дээр ажиллахад саад учруулсан бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
11.Домэйн нэрийн үйлчилгээнд тавих нөхцөл, шаардлагыг зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.Дотоодын хэрэглээний холбооны сүлжээг ашиг олох зорилгоор бусдад ашиглуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./