14.2 дугаар зүйл. Радио долгионы тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14.2 дугаар зүйл. Радио долгионы тухай хууль зөрчих

1.Радио төхөөрөмжийг:

1.1.тусгай зөвшөөрөлгүй;

1.2.эрхийн бичиг аваагүй;

1.3.бүртгэлгүйгээр ажиллуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Тусгай зөвшөөрөл, эрхийн бичигт зааснаас өөр зорилгоор радио төхөөрөмж ажиллуулсан, эсхүл байршил, хамрах хүрээ, хүчин чадал, техникийн үзүүлэлтийг өөрчилсөн, эсхүл тэдгээрийг бүртгүүлээгүй, эсхүл нуун дарагдуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Радио давтамжийн зурвасыг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн, эсхүл гэрээ, нөхцөл, шаардлагыг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Тусгай хэрэглээний зориулалтаар хуваарилагдсан давтамжийн зурваст ажилласан, эсхүл түүнд харилцан нөлөөлөл учруулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Бусад радио холбоо, эсхүл радио төхөөрөмж хэрэглэгчийн ажиллагаанд:

5.1.харилцан нөлөөлөл учруулсан;

5.2.хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан;

5.3.баталгаажуулаагүй төхөөрөмж ашигласан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Тусгай зөвшөөрөл, эсхүл эрхийн бичиг эзэмшигч эрхээ хэрэгжүүлэхэд хууль бусаар саад учруулсан бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл болон түүнд заасан эрх, үүргээ тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.