14.3 дугаар зүйл. Шуудангийн тухай хууль зөрчих
1.Шуудангийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээд шуудангийн үйлчилгээ үзүүлэх талаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Илгээмжийг хүлээн авах, цуглуулах, тээвэрлэх, хаягт эзэнд хүргэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
3.Шуудангаар үйлчлэгч:
3.1.хаяг тодорхойгүй шуудангийн илгээмжийг хуульд заасан шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах, устгах журмаар тодорхойлсон хадгалах хугацаа дуусмагц хүлээн авах этгээд, эсхүл илгээсэн этгээдийн хаягийг тогтоох зорилгоор задлах журам зөрчсөн;
3.2.шуудангийн илгээмжийг задалсны дараа хүлээн авах, эсхүл илгээсэн этгээдийн хаяг тодорсны дараа түүнд зохих шалтгаан, үндэслэлийг мэдэгдээгүй;
3.3.энэ зүйлийн 3.1, 3.2 дахь заалтад заасан үйл ажиллагаа явуулсан боловч хаягт эзнийг тогтоох боломжгүй болсон тохиолдолд илгээмжийг холбогдох байгууллагад шилжүүлээгүй, эсхүл хуульд заасан журмын дагуу устгаагүй;
3.4.шуудангийн сүлжээ байгуулах, өргөтгөх, татан буулгах тухай Зохицуулах хороо болон хэрэглэгчид урьдчилан мэдэгдээгүй;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.5.өөрийн сүлжээг бусад үйлчлэгч холбогдоход нээлттэй байлгах үүргээ биелүүлээгүй;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.6.дотоодын, эсхүл улс хоорондын шуудангийн үйлчилгээний тарифын талаархи саналаа үндэслэл, тооцооны хамт Зохицуулах хороонд хүргүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ заалтын дугаарт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./