14.4 дугаар зүйл. Авто замын тухай хууль зөрчих
1.Авто зам, замын байгууламжийг эвдэж, гэмтээсэн, эсхүл ашиглах боломжгүй болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Авто зам, замын байгууламжийг ашиглагч:
2.1.Авто замын зорчих хэсэг, зурвас, хяналт тавих зурвас газарт авто зам, замын байгууламж барих, засварлах, ажилд саад учруулж болзошгүй, эсхүл замын хөдөлгөөнд оролцогчид осол аюул бүхий үйл ажиллагаа явуулсан; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.2.авто замын зорчих хэсэг, хөвөө, зурвас газар дээр хог, бохир ус, чулуу, төмөр, бусад зүйлсийг хаясан, эсхүл байрлуулсан, эсхүл овоолсон;
2.3.авто замын зурвас газарт худалдаа хийсэн, эсхүл авто замын ашиглалттай холбоогүй бусад үйл ажиллагаа явуулсан;
2.4.тусгай хамгаалалтгүй дур мэдэн гинжит, эсхүл тухайн авто зам, замын байгууламжийн техник ашиглалтын үзүүлэлтээс хэтэрсэн овор, даацтай тээврийн хэрэгслээр авто замаар зорчсон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
Тайлбар: Авто замын ашиглалтын нөхцөл хангагдаагүйгээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд хохирол учирсан болохыг хууль, хяналтын байгууллага тогтоосон бол тухайн авто замын арчлалт, хамгаалалт хариуцсан авто замын байгууллага уг хохирлыг хариуцан төлнө.
3.Авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол төлбөл зохих төлбөрийг нөхөн төлүүлж, хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./