14.11 дугаар зүйл. Усан замын тээврийн тухай хууль зөрчих
/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Тээвэрлэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Зорчигч нь:
2.1.усан замын тээврийн хэрэгслээр зорчихдоо бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, гэм хор учруулж болзошгүй эд зүйлийг авч явахгүй байх;
2.2.усан замын тээврийн хэрэгслээр зорчихдоо тээврийн хэрэгслийг эвдэж, гэмтээхгүй, байгаль орчныг бохирдуулахгүй байх;
2.3.усан замын тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх зорчигч бүр тасалбар авах;
2.4.усан замын тээврийн аюулгүй ажиллагааг хангах талаар мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг болон эрх бүхий этгээдээс тавьсан хууль ёсны шаардлагыг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх, биелүүлэх;
2.5.нийгмийн хэв журам, усан замын тээврийн хэрэгсэл дээр үйлчилж байгаа дотоод дэглэм журмыг сахин биелүүлэх үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Усан замын тээврийн хэрэгслийг бүртгүүлж, гэрчилгээ аваагүй, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Усан замын тээврийн хэрэгслийн ахмад, багийн гишүүд, өмчлөгч, эзэмшигч, жолооч нь согтууруулах ундаа, мансууруулах үйлчилгээтэй эм, бодис хэрэглэсэн үедээ усан замын тээврийн хэрэгсэл жолоодсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол усан замын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Усан замын тээврийн хэрэгслийн ахмад, багийн гишүүд, өмчлөгч, эзэмшигч, жолооч нь:
5.1.согтууруулах ундааны зүйл уусан эсэхээ усан замын тээврийн хяналтын улсын байцаагч, бусад эрх бүхий албан тушаалтанд шалгуулахаас зайлсхийсэн;
5.2.зорчигч, аялагч тээвэрлэж явах үедээ тэдний анхаарал, сонирхлыг татах зорилгоор усны мандалд огцом эргэлт хийх, элдэв төрлийн хууль бус үзүүлбэр үзүүлсэн;
5.3.аврах хантаазгүй болон шаардлага хангахгүй аврах хантаазтай зорчигч, аялагчийг тээвэрлэсэн;
5.4.хөдөлгөөнд оролцохдоо бусад усан замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд аюул учруулахаар гүйцэж түрүүлэх, буруу талаар зөрж өнгөрөх, хөдөлгөөний чиглэлийг нь сүлжих, урдуур хойгуур нь тойрох зэргээр бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан;
5.5.усан замын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдээр жолоодуулсан;
5.6.арван зургаа хүртэлх насны хүүхдийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүйгээр тээвэрлэсэн;
5.7.усан замын тээврийн хэрэгслийн зориулалт, үйлдвэрлэгчээс тогтоосон хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлж өөрчилсөн;
5.8.бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй усан замын тээврийн хэрэгслээр хөвөлтөд гаргасан бол зөрчлийг арилгуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.