3.2 дугаар зүйл. Шийтгэл хүлээх хүн, хуулийн этгээд

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3.2 дугаар зүйл. Шийтгэл хүлээх хүн, хуулийн этгээд

1.Зөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.

2.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна.

3.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэн арван дөрвөөс арван найман насны хүний хувийн байдал, зөрчлийн шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шийтгэлээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.Гадаад улсын дипломат эрх ямба, дархан эрх эдэлж байгаа хүнд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

5.Зөрчил үйлдсэн хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан, түүнийг санаатайгаар дампууруулсан, татан буулгасан бол доор дурдсан журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ:

5.1.бусад хуулийн этгээдтэй нийлүүлэн нэг хуулийн этгээд үүсгэсэн бол шинээр бий болсон хуулийн этгээдэд;

5.2.бусад хуулийн этгээдэд нэгтгэсэн бол нэгтгэж авсан хуулийн этгээдэд;

5.3.хуваах, тусгаарлах замаар өөр хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйлдсэн зөрчилд холбогдох эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, үйл ажиллагааг шилжүүлэн авсан хувь хэмжээгээр нь зохих хуулийн этгээдэд;

5.4.хуулийн этгээдийн зохион байгуулалтын төрөл, хэлбэр, үндсэн зорилгоо өөрчлөх замаар өөрчлөгдсөн бол тухайн өөрчлөгдөн зохион байгуулагдсан хуулийн этгээдэд;

5.5.компани нь толгой компани, түүний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлын үүднээс зөрчил үйлдсэн нь тогтоогдсон бол толгой компанид;

5.6.зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх явцад хуулийн этгээдийг санаатайгаар татан буулгасан бол торгох шийтгэл, хохирол, хор уршиг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх зардлыг эд хөрөнгө хуваарилагдсан хувьцаа эзэмшигчид;

5.7.аливаа хэлбэр, арга, хэрэгслээр эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг үндэслэлгүйгээр тухайн хуулийн этгээдээс шилжүүлэн авсан нэгдмэл сонирхолтой этгээдэд, эсхүл эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг хариу төлбөргүйгээр шилжүүлэн авсан бусад хуулийн этгээдэд шилжүүлэн авсан хөрөнгийн хувь хэмжээгээр.

6.Хуулийн этгээдэд энэ зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шийтгэлийн зорилгыг хангах боломжгүй бол шүүгч зөрчил үйлдэгдэх үед тухайн зөрчилд холбогдох эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, үйл ажиллагааг бүхэлд нь хариуцаж байсан хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.

7.Энэ зүйлд заасан хуулийн этгээд өөрчлөн байгуулагдахаас өмнө тухайн зөрчлийн талаар мэдсэн эсэхээс нь үл хамааран шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.

8.Гадаад улсын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдийн нэгэн адил шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.

9.Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн бол түүнд шийтгэл хүлээлгэнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.