3.8 дугаар зүйл. Эрх хасах шийтгэл /Энэ зүйлийн дугаарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, эсхүл зөвшөөрлийг хүчингүй болгохыг эрх хасах шийтгэл гэнэ.
2.Хууль, захиргааны хэм хэмжээний актад заасан журмын дагуу тооцсон онооны бүртгэлийг үндэслэж эрх хасах шийтгэлийг оногдуулж болно.
3.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах шийтгэлийг торгох шийтгэл дээр нэмж оногдуулна.
4.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг байнга, эсхүл ноцтой зөрчсөн, эсхүл тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх журмыг зөрчсөн зөрчилд нь оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна.