3.7 дугаар зүйл. Баривчлах шийтгэл /Энэ зүйлийн дугаарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3.7 дугаар зүйл. Баривчлах шийтгэл /Энэ зүйлийн дугаарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.Зөрчил үйлдсэн хүнийг долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар тусгай зориулалтын байранд саатуулахыг баривчлах шийтгэл гэнэ.

2.Баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулна.

3.Баривчлах шийтгэл эдлүүлэх журмыг хуулиар тогтооно.

4.Шүүх баривчлах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах ба жирэмсэн эмэгтэй, арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүнд оногдуулахгүй.

5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу баривчлах шийтгэл оногдуулахгүй тохиолдолд нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгох шийтгэл оногдуулж болно.

6.Хуульд заасан тохиолдолд баривчлах шийдвэр биелүүлэхийг хойшлуулж болно.

7.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед саатуулагдсан хугацааг баривчлах шийтгэл эдлүүлэх хугацаанд оруулан тооцно.

8.Цэргийн алба хаагчид оногдуулсан баривчлах шийтгэлийг цэргийн ангийн саатуулан хорих байранд эдлүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9.Хэд хэдэн зөрчилд оногдуулсан баривчлах шийтгэлийн нийт хугацаа гурван сараас хэтрэхгүй байна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.