5.11 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зөрчих
1.Химийн хорт, аюултай бодис:
1.1.экспортлох;
1.2.импортлох;
1.3.хилээр дамжуулан тээвэрлэх;
1.4.үйлдвэрлэх;
1.5.тээвэрлэх;
1.6.хадгалах;
1.7.худалдах;
1.8.ашиглах;
1.9.устгах үндсэн шаардлага, журам, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж, зөрчлийг арилгуулж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2.Хуульд заасныг зөрчиж:
2.1.ашиглаж болох бодис, пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг турших, ашиглах журам зөрчсөн, эсхүл ашиглалтын хэмжээг хэтрүүлсэн;
2.2.химийн хорт, аюултай бодисын эрсдэлийн үнэлгээ хийх журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хуульд заасны дагуу батлагдсан химийн хорт, аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаархи журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Химийн хорт, аюултай бодистой холбогдсон үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5.Химийн хорт, аюултай бодисын хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн хүлцэх хэмжээний талаарх стандартыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.Химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, зарцуулалтад дотоод хяналт тавиагүй бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.