5.12 дугаар зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих
1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тухай мэдээ, тайланг холбогдох байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлээгүй, эсхүл зориуд буруу мэдээлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг эзэмших эрх бүхий этгээд:
2.1.түүнийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгах, аюулгүй байдлыг хангахад тавигдах шаардлага;
2.2.тэсэлгээний ажил явуулах, үйлчилгээ үзүүлэх журам;
2.3.аюулгүй байдлын бүсийн дэглэм, журам зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах дүрмийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./