5.13 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих
1.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
3.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас өгсөн мэдээ, мэдээллийг үнэ төлбөргүйгээр, саадгүйгээр мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
4.Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийн дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор байгуулсан барилга байгууламжийг эвдэж гэмтээсэн, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийн дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.Тусламж үзүүлэгч хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийн дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./