5.14 дугаар зүйл. Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчих
1.Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хуульд заасныг зөрчиж:
2.1.хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө боловсруулах, шинэчлэх, өөрчлөх;
2.2.барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, ашиглах, засварлах;
2.3.үйлдвэрийн технологийн горимыг өөрчлөхөд холбогдох хууль, галын аюулгүй байдлын норм, нормативыг зөрчсөн, эсхүл шатах, тослох материалыг зориулалтын бус газар хадгалсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Гал түймэр унтраах удирдагчийн шаардсанаар:
3.1.гал түймэр гарсан обьектын байршлын зураг, онцлог, агуулж байгаа бодис, материалын талаархи мэдээллийг өгөөгүй;
3.2.бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гал түймэр унтраахад усны аливаа эх үүсвэрийг өмчийн хэлбэр үл харгалзан үнэ төлбөргүй ашиглахад саад учруулсан, ашиглуулаагүй;
3.3.гал түймэр унтраах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үед гал түймэр унтраах удирдагчийн гаргасан шийдвэрийг биелүүлээгүй;
3.4.анги, нэгжийн бүрэлдэхүүнийг үүргээ биелүүлэхэд хөндлөнгөөс саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Хуульд заасан:
4.1.барилга байгууламжид гал унтраах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал байрлуулах журам;
4.2.галын аюултай материал хадгалах, ашиглах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахдаа эрх бүхий байгууллагын мэргэжлийн дүгнэлт гаргуулах бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.Заавал хийлгэх галын аюулын үнэлгээг хийлгүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Шатамхай бодис, эсхүл пиротехникийн эдлэхүүнийг:
6.1.бүртгэх;
6.2.хадгалах;
6.3.тээвэрлэх;
6.4.ашиглах журам зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.