5.17 дугаар зүйл. Дайчилгааны тухай хууль зөрчих
1.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюултай тэмцэх улсын аюулгүй байдал хангахтай холбогдсон хүн хүч, тээвэр, холбооны хэрэгсэл, барилга байгууламжийн дайчилгаанаас зайлсхийсэн, эсхүл саад учруулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Монгол Улсын иргэн хуульд заасны дагуу сургалт, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Монгол Улсын иргэн дайчлан татах үед тогтоосон хугацаанд, заасан газарт ирээгүй, эсхүл дайчилгааны даалгаврын дагуу эд хөрөнгийг нийлүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.