6.17 дугаар зүйл. Эрүүл ахуйн тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6.17 дугаар зүйл. Эрүүл ахуйн тухай хууль зөрчих

1.Хүн амыг хуульд заасан ундны болон ахуйн нөхцөл, шаардлагыг хангасан усаар хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Барилга байгууламж барих газрын байршил тогтоох, барилгын зураг төсөл зохиох, барилга барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг нь өөрчлөхөд холбогдох хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах арга хэмжээг аваагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй, өндөр эрсдэлтэй түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийг импортлоход холбогдох хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.Импортлох түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэл, техник, технологи нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан тухай эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.Бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалж, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Хүний ажиллах, суралцах байр нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй бол үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.