7.10 дугаар зүйл. Газрын хэвлийн тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7.10 дугаар зүйл. Газрын хэвлийн тухай хууль зөрчих

1.Газрын хэвлийг дур мэдэн ашигласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Ашигт малтмал бүхий талбайд барилга байгууламж дур мэдэн барьсан, эсхүл газар доорх усны горимыг ашиглах цооног, геодези, маркшейдерийн тэмдгийг устгасан, эсхүл гэмтээсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Газрын хэвлийд геологийн судалгаа хийх журам, шаардлагыг зөрчсөн нь хайгуул хийсэн ашигт малтмалын нөөцийг буруу үнэлэх, ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барилга байгууламж барих нөхцөлийг буруу тодорхойлоход хүргэсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Газрын хэвлийг:

4.1.ашиглах явцад эвдэрсэн газрыг аюул осолгүй болгож цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулаагүй;

4.2.ашиглах үед илэрсэн үнэт металл, үнэт чулуу, шинжлэх ухаан, түүх, соёлын үнэт зүйлийг зохих байгууллагад мэдэгдээгүй;

4.3.ашиглах үед илэрсэн үнэт металл, үнэт чулуу, шинжлэх ухаан, түүх, соёлын үнэт зүйлийг улсад тушаах хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй;

4.4.ашиглах үед түүнийг хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Ашигт малтмал олборлох, эрдэс түүхий эдийг боловсруулах, ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барих барилга байгууламжийн:

5.1.зураг төсөл зохиох;

5.2.тэдгээрийг барих, ашиглалтад оруулах талаар хуульд заасан шаардлагыг зөрчсөн хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Газрын хэвлийг ашиглах аюулгүй ажиллагааны дүрэм, хэм хэмжээг зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Газрын хэвлийг хамгаалах журам, түүнийг ашиглахад үүсч болзошгүй аюул осол, хортой нөлөөнөөс ажиллагчид, хүн ам болон мал, ан амьтан, байгаль орчин, барилга байгууламжийг хамгаалах шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Ашигт малтмалын ордыг гэмтээж сүйтгэсэн, баялаг хэсгийг нь сорчлон олборлосон, эсхүл ашигт малтмалын балансын нөөцийг зохистой ашиглах шаардлагыг зөрчсөн, олборлох үед ашигт малтмалын хаягдал, бохирдлыг тогтоосон хэм хэмжээнээс хэтрүүлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.