7.11 дугаар зүйл. Ашигт малтмалын тухай хууль зөрчих
1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлосон ашигт малтмалын хэмжээг нуун дарагдуулсан, эсхүл энэ зорилгоор хуурамч гэрээ байгуулсан, эсхүл үндэслэлгүй бага үнээр борлуулж борлуулалтын орлогыг санаатайгаар бууруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь:
2.1.ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хүлээх нийтлэг үүргийг биелүүлээгүй;
2.2.хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.3.тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
3.Үнэт металл, эрдэнийн чулууны сорьц, чанарыг тогтоолгох, эсхүл бүртгүүлэх журам зөрчсөн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Хайгуулын талбайгаас авсан дээж, сорьц, анхдагч материалыг санаатайгаар устгасан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Ашигт малтмалын балансын нөөцийг зохистой ашиглах шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд хуулиар тогтоосон журам зөрчиж байгалийн үнэт, эсхүл өнгөт чулууг:
7.1.олборлосон;
7.2.худалдсан;
7.3.худалдан авсан;
7.4.тээвэрлэсэн;
7.5.хадгалсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./